“ИХ ИРЭЭДҮЙ КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 “Их Ирээдүй Капитал ББСБ” ХХК-ийн /цаашид “ББСБ” гэх/ энэхүү Хувийн мэдээллийн бодлого /цаашид “Бодлого” гэх/ нь ББСБ-ын Easy Loan аппликейшнд бүртгүүлэх, нэвтрэх, баталгаажуулах, болон уг аппликейшнээр дамжуулан зээлийн болон бусад санхүүгийн үйлчилгээ авахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү бодлого ашиглагдаж буй дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.2.1 Харилцагчийн хувийн мэдээлэл- Эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасан биометрик мэдээлэл, эмзэг мэдээлэл, цахим тодорхойлогч зэрэг хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
1.2.2 Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл- Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа Харилцагч/Зээлдэгчийн зээлийн мэдээлэл болон зээлийн түүхийн мэдээллийг;
1.2.3 Мэдээлэл хариуцагч-Хуульд заасны дагуу эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа “Их Ирээдүй Капитал ББСБ” ХХК болон ББСБ-аас хууль, гэрээний дагуу эрх шилжүүлэн авсан эсхүл мэдээлэл дамжуулж авах эрх олгогдсон бусад этгээд;
1.2.4 Мэдээллийн эзэн- ББСБ-ын харилцагч, ББСБ-ын Easy Loan аппликейшнд бүртгүүлсэн харилцагч, болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /энэхүү бодлогод цаашид “Харилцагч” гэх/;
1.2.5 Мэдээлэл цуглуулах- Мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагаа;
1.2.6 Мэдээлэл боловсруулах-Мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа, тэдгээрийн нийлбэрийг;
1.2.7 Мэдээлэл ашиглах-Мэдээллийг цуглуулах, боловсруулахаас бусад хэлбэрээр үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг;
Хоёр. Хувийн мэдээллийн бодлого
2.1 ББСБ нь харилцагчийг Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем /ДАН/-г ашиглан таньж баталгаажуулсны үндсэн дээр түүний талаар мэдээлэл цуглуулах зөвшөөрлийг энэхүү бодлогын 2.2-т заасан цахим хэлбэрээр авна. Мөн шаардлагатай тохиолдолд иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтаар мэдээллийн эзнийг таньж баталгаажуулж болно.
2.2 Харилцагч нь ББСБ-ын Easy Loan аппликейшнд нээлттэй байршиж буй энэхүү бодлогыг бүрэн уншиж танилцан, зөвшөөрсний үндсэн дээр “ЗӨВШӨӨРӨХ/БАТАЛГААЖУУЛАХ” үйлдлийг хийх бөгөөд уг үйлдлийг хийснээр уг бодлогод заасныг болон өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг зөвшөөрлийг мэдээллийн хариуцагчид олгож, зөвшөөрлөө баталгаажуулсан гэж үзнэ.
2.3 Харилцагч нь мэдээлэл хариуцагчид мэдээлэл цуглуулах зөвшөөрөл өгөөгүй буюу энэхүү баримт бичгийн 2.2-т заасан ЗӨВШӨӨРӨХ/БАТАЛГААЖУУЛАХ үйлдлийг хийгээгүй тохиолдолд ББСБ-аас цахим үйлчилгээ авах боломжгүй болохыг анхаарна уу.
2.4 Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглах бөгөөд харилцагч нь дээрх зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглахыг ББСБ-д зөвшөөрсөн болно. Үүнд:
2.4.1 Харилцагчийг таньж баталгаажуулах, ББСБ-ын Easy Loan аппликейшнд бүртгэл үүсгэх;
2.4.2 ББСБ-ын Easy Loan аппликейшнээр дамжуулж зээлийн болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох;
2.4.3 Харилцагчийн санхүү, төлбөрийн чадавхыг тодорхойлох;
2.4.4 Харилцагчид зээлийн болон бусад төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилт болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах;
2.4.5 ББСБ-ын зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх;
2.4.6 Харилцагчийн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэх;
2.4.7 Хуульд заасан бусад үндэслэл;
2.5 Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглана. Үүнд:
2.5.1 Энэхүү бодлогын 1.2.1-т заасан харилцагчийн хувийн мэдээлэл;
2.5.2 Энэхүү бодлогын 1.2.2-т заасан зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл;
2.5.3 Танилт нэвтрэлтийн нэгдсэн систем /ДАН/ дэх мэдээлэл;
2.5.4 Төрийн мэдээлэл солилцооны систем /ХУР/ дэх мэдээлэл;
2.5.5 ББСБ-ын Easy Loan аппликейшн дахь харилцагчийн бусад мэдээлэл;
2.6 Харилцагч нь өгсөн зөвшөөрлөө цуцалсан тохиолдолд ийнхүү цуцлахаас өмнөх хугацаанд цугласан, боловсруулалт хийгдсэн мэдээлэл нь хууль ёсны хэвээр үлдэнэ.
2.7 Мэдээлэл хариуцагч нь дараах тохиолдолд харилцагчид мэдэгдэл хүргүүлнэ. Үүнд:
2.7.1 Хүний эмзэг мэдээллийг ашигласан;
2.7.2 Мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл боловсруулахаас бусад үндэслэл, зорилгоор мэдээлэл боловсруулсан, боловсруулсан мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан;
2.7.3 Харилцагчийн мэдээллийг цуглуулснаас хойш Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 8.2-т заасан нөхцөл өөрчлөгдсөн;
2.8 ББСБ нь энэхүү баримт бичгийн 2.7-т заасан мэдэгдлийг ББСБ-ын Easy Loan аппликейшны мэдэгдэл цэсээр хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдэл хүргүүлснийг харилцагчид албан ёсоор мэдэгдсэнд тооцно.
2.9 Хуульд өөрөөр заагаагүй бол харилцагч нас барсан, эсхүл нас барсанд тооцогдсон бол гэрээслэл, түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр түүнд хамаарах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
Гурав. ББСБ-ын хүлээх үүрэг.
3.1 ББСБ нь харилцагчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахад хэрэглэгдэх мэдээллийн системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
3.2 Харилцагчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
3.2.1 Хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх;
3.2.2 Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3.2.3 Ялгаварлан гадуурхахгүй байх;
3.2.4 Мэдээллийг хуульд заасан үндэслэлээр эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулж, боловсруулах, ашиглах;
3.2.5 Мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
3.2.6 Мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх;
3.3 Харилцагчийн генетик болон биометрик мэдээллийг цуглуулах, ашиглах тохиолдолд уг үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллана.
3.4 Холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллагад, эсхүл харилцагчид үзүүлэх үйлчилгээг сайжруулах, харилцагчтай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор гуравдагч этгээдэд энэхүү бодлогод заасан харилцагчийн мэдээллийг дамжуулж болно.
3.5 Зөвхөн хуульд заасан үндэслэлээр мэдээллийг устгана. ББСБ нь зээлийн болон бусад холбогдох гэрээ байгуулсан харилцагчтай байгуулсан гэрээний дагуу хүлээх үүрэг бүрэн дуусгавар болох хүртэл хугацаанд мэдээллийг устгахгүй.
3.6 Хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглах тохиолдолд харилцагчаас энэхүү бодлогод заасан журмын дагуу зөвшөөрөл авна.
3.7 ББСБ нь энэхүү бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй ба аливаа өөрчлөлтийн талаар ББСБ-ын Easy Loan албан ёсны веб хуудсанд байршуулснаар эсхүл ББСБ-ын аппликейшны мэдэгдэл цэсээр дамжуулан харилцагчид мэдэгдэнэ.
Дөрөв. Харилцагчийн хүлээх үүрэг
4.1 Харилцагч нь ББСБ-ын Easy Loan аппликейшнд бүртгүүлэх, цахим үйлчилгээ авах зорилгоор өөрийн хувийн мэдээллээ үнэн зөв, бүрэн хөтөлж, оруулах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хариуцлага, эрсдэлийг дангаар бүрэн хариуцна.
4.2 Харилцагч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
4.2.1 Хуурамч мэдээлэл оруулахгүй байх;
4.2.2 Өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах;
4.2.3 Өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг мэдээлэл хариуцагчаас гаргуулан авахдаа бусдын эрх, эрх чөлөөг зөрчихгүй, мэдээлэл хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх;
4.2.4 Аливаа байдлаар бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглахгүй, уг мэдээллийг ББСБ-ын Easy Loan аппликейшнд оруулахгүй байх;
4.3 Харилцагч нь алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл гаргаж өгч тусгуулах эрхтэй.
4.4 Харилцагч нь өөрийн хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон даруйд өөрийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулна. Мэдээллийн өөрчлөлтийг оруулаагүйгээс үүссэн аливаа асуудлыг мэдээллийн эзэн нь өөрөө хариуцна.
4.5 Харилцагч нь өөрт хамааралтай болон ББСБ-ын Easy Loan аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг, пин код, тан код, бүртгэлтэй цахим шуудан, утасны дугаар зэрэгт цахим үйлчилгээтэй холбоотой ББСБ-аас хүргэгдсэн аливаа мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангана.
4.6 Харилцагч нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү бодлогод заасныг зөрчин бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан бол уг хууль бус үйлдлийн улмаас мэдээллийн эзэн болон ББСБ-д учруулсан аливаа хохирол, гэм хорыг дангаар бүрэн хариуцна.
Тав. Маргаан шийдвэрлэх журам
5.1 Энэхүү бодлогод заасантай холбогдон гарсан аливаа маргааныг талууд эхний ээлжид эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба хэрэв ийнхүү шийдвэрлэх боломжгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.
5.2 Энэхүү бодлогод заасантай холбоотойгоор үүссэн аливаа хүсэлт, гомдол, маргааныг ББСБ-ын албан ёсны цахим шуудан (info@iicapital.mn) болон бусад цахим платформ дахь албан ёсны суваг, утсаар (77008811) хүлээн авч, шалган шийдвэрлэх ба шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаар гомдол, маргааныг шалгуулна.
∞ ИХ ИРЭЭДҮЙ КАПИТАЛ ББСБ ХХК ∞
2024 ОН